Дарханы төслийг Монголын компани амжилттай дуусгаж чадлаа.

Б.Гансүх: Их бүтээн байгуулалтад оролцож буй чадамжтай, бүтээмжтэй хамт олныг итгэлтэй, найдвартай түншүүд маань дэмжиж байна.
 

“Улаанбаатар – Дархан чиглэлийн авто замын төсөл”-ийн нэг болон хоёрдугаар хэсгийг монгол компани болох “Арж Капитал” ХХК, “Макс Рөүд” ХХК ажиллаж байна. Замын бүтээн байгуулалтын ажлын явц, цар тахлын хүнд үеийг хэрхэн даван туулсан талаар Ерөнхий Захирал Б.Гансүхтэй ярилцсан Gogo.mn-ний ярилцлагыг хүргэж байна.

 

- “Арж Капитал” ХХК, “Макс Рөүд” ХХК нь Дарханы зам хэмээн нэрлээд буй бүтээн байгуулалтын аль хэсгүүдийг хариуцан ажиллаж байна вэ?

-  Бид Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар – Дархан чиглэлийн авто замын төсөл”-ийг 2020.12.12-ний өдрөөс эхлэн гэрээ байгуулагдан 1 дүгээр хэсэг болох “Баруун аймгуудын салдаг уулзвараас Хар модотын даваа хүртэлх 37.282 км хатуу хучилттай авто замын өргөтгөлийн ажил” болон Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийг 2021.09.02-ний өдрөөс эхлэн гэрээ байгуулагдан 2 дугаар хэсэг болох “Хар модотын давааны хойд хэсгээс Урьхан хүртэлх 45.5 км авто замын өргөтгөлийн ажил” төсөлд тус тус ерөнхий гүйцэтгэгчээр шалгарч зам барилга угсралтын ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.

Тухайлбал, 1-р хэсгийн хоолойн барилгын ажлын явц 100% гүйцэтгэлтэй, нийт ажлын гүйцэтгэл 70%-тай явж байна, 2-р хэсгийн хувьд хоолойн барилгын ажлын явц 100% гүйцэтгэлтэй, далангийн ажил 9-р сардаа багтаж дуусах, тоноглол  тохижилтын ажлууд үлдээд байна.

Бид нийт 643 хүн хүч, 14 үйлдвэр, 200 гаруй техникээр төслөө үргэлжлүүлж байгаа ба олон улсын чанартай авто замын бүтээн байгуулалтын ажилд монгол компани шалгарч, ажиллаж байгаа нь нэр хүндийн хэрэг юм. Урьд өмнө нь ийм төрлийн бүтээн байгуулалтад гаднын компани шалгардаг байсан. Тэдний хийх боломжгүй болоод орхисон ажлыг бид хариуцаж аваад илүү чанартай, хариуцлагатайгаар хийж байна.

Бид өөрсдийн хариуцаж авсан ажлаа товлосон хугацаандаа, чанартай гүйцэтгэхээр бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна. Ингэхдээ бид байгууллагын шат шатандаа давхар хяналт тавьж, хамгийн шинэлэг бөгөөд оновчтой менежментийг хэрэгжүүлж байна. Нөгөөтээгүүр бид Монгол Улсдаа сайн зам барихын хажуугаар маш сайн засаглал, менежменттэй байгууллага байхыг зорьж байна. Бидний эрхэм зорилго ч үүнд чиглэдэг ба олон улсын түвшинд хүрсэн стандарттай зам барих нь бидний хэтийн зорилгын нэг алхам гэж хэлж болно. Тиймээс бид хариуцсан ажлаа зөв, товлосон хугацаандаа, чанартай гүйцэтгэхээр идэвх чармайлтаар дүүрэн байна.

- Цар тахлын уршиг бүхий л салбарт нөлөөлсөн. Үүнээс болж та бүхний бүтээн байгуулалтын ажилд хүндрэл, бэрхшээл гарсан уу?
- 2022 он бол цар тахлын дараах гэдгээрээ онцлог жил болж байна. Түүнээс өмнөх хоёр жилд зөвхөн бид ч биш дэлхий даяараа цар тахлын хүнд нөхцөлд түгшүүртэй амьдарч, хөл хорионд орж, бүхий л үйл ажиллагаа нам зогссоныг хүн бүр мэднэ. Энэ бүхний дараа бүтээн байгуулалтын салбар сэргэхэд бэлэн биш байсан. Материаллаг бааз,  түүхий эдийн нийлүүлэлт тасалдалтай, хил хаалттай зэрэг бэрхшээлүүд нөлөөлсөн. Үүнийгээ дагаад замын бүтээн байгуулалтын гол түүхий эд болох битум, цемент, түлш зэрэг бүтээгдэхүүний үнэ маш огцом өссөн. Гэсэн ч энэ бүх эрсдэлийг даван туулна хэмээгээд гэрээ байгуулсан бид бүгдийг нуруун дээрээ үүрээд явж байгаа ч гомдоллохгүй ажлаа үргэлжлүүлж байна. Зүйрлэвэл бид маргаашийнхаа битум, цементийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг байдлаар л ажлаа хийж байна гэсэн үг. Тэгэхээр 2022 он нь зөвхөн зам ч биш барилга, бүтээн байгуулалт төдийгүй бүхий л бизнесийн үйл ажиллагаанд төлөвлөлт хийхэд маш хүнд, сорилттой жил болж байна. Энэ цаг үед хамгийн бага хохирол амсаж, үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж, цар тахлыг даваад гарч чадсан нь энгийн цаг үед маш чадвартай, “баатар” компани юм. Өөрөөр хэлбэл бид хамгийн хүнд нөхцөлд ч ажлуудаа амжилттай үргэлжлүүлж буй нь компанийн чанарыг илтгэж байна гэсэн үг.

- “Арж Капитал” ХХК, “Макс Рөүд” ХХК бусад замын компаниудаас ялгарах давуу талыг онцолбол?
- Бид Макс групп компанийн хамтын хүчээр ажилладаг нь том давуу тал. Тэр дундаа замын томоохон бүтээн байгуулалтын ажилд олуулаа хүчээ нэгтгэн ажиллаж буй нь онцлог юм. Түүнээс гадна “Арж Капитал” ХХК, “Макс Рөүд” ХХК нь салбартаа чадвартай инженер техникийн албатай учир ажил төлөвлөж байснаас илүү хурдтай явж байна. Бидний хийж буй энэхүү бүтээн байгуулалт дан ганц зөвхөн бидний хөдөлмөрийн үр дүн биш юм. Үүний цаана итгэлтэй харилцагч, хариуцлагатай нийлүүлэгч, чадвартай хамт олны нөлөө, тус үлэмж их гэдгийг онцолмоор байна. Түүхий эд материал нийлүүлэгч, техник тоног төхөөрөмжийн түрээс, туслан гүйцэтгэгч компаниудын оролцоотойгоор бид бүтээн байгуулалтаа үргэлжлүүлж, цар тахлын хүнд хэцүү үеийг даван туулсан гэж хэлж болно.

Энэ ондоо багтааж бүтээн байгуулалтын ажлаа дуусгах даалгаврыг улсаас бидэнд өгсөн. Гэрээнд 2023 оны аравдугаар сард дуусгана хэмээн заасан ч Зам тээврийн яам, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхийн төлөө, нөхцөл байдлыг харгалзан аль болох бүхий л нөөц боломжоо дайчлан энэ оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд хөдөлгөөнийг нээхэд бэлэн болгохоор ажиллаж байна.

- Одоо та бүхэнд ямар хүндрэл бэрхшээл байна вэ?
- Төмөр замын саатал их нөлөөлж байна. Битумын гол нийлүүлэгч Орос компани ба Украйнд гарсан дайнтай холбоотойгоор нийлүүлэлт удаан хугацаанд тасалдсан. Орост ч өөрсдөө битумын хомсдолд орсон. Цементийн нийлүүлэгчийн үйлдвэрийн үйл ажиллагаа саатаж нийлүүлэлт тасарсан. Засгийн газар огцом шийдвэр гаргаж цементийн татварын үнийг тэглэх арга хэмжээ авлаа. Татвар тэглэхэд үр дүн нь мэдээж шууд богино хугацаанд мэдрэгдэхгүй. Урд хил хаалттай байсан нөхцөл байдал ч багагүй нөлөөллөө. Гэсэн хэдий ч төмөр замын саатал мөн эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй өнөөгийн нөхцөл байдалд зам барилгын гол түүхий эд болох цемент, түүхий эд материалаар тасралгүйгээр ханган төслийн төлөвлөгөөт ажлыг цалгардуулалгүйгээр нийлүүлэлтийг тогтмол хийж байгаа нийлүүлэгчдийнхээ хариуцлагатай байдал, итгэлтэй хамтын ажиллагааны хүчээр ажлаа үргэлжлүүлж байна. Энэ ташрамд “Арж Капитал” ХХК, “Макс Рөүд” ХХК-ийн харилцагч, нийлүүлэгч нартаа гүнээ талархаж буйг онцлон хэлмээр байна.

- Монголд замын бүтээн байгуулалтын компаниудын хамтын ажиллагаа хэр байдаг вэ?
Ний нуугүй хэлэхэд монгол замын компаниудын эв нэгдэл, хамтын ажиллагаа тийм ч сайн биш байдаг. Эв нэгдэл муу болохоор том ажлыг авах боломжгүй, монгол компаниудын нэр хүнд, ажлын үр дүнг харуулж чадахгүйн улмаас дараагийн сонголт нь гадаадын компани болчихдог. Тэгэхээр энэхүү олон улсын бүтээн байгуулалтын ажлаас авч буй сургамж нь цөөн тооны чадварлаг монгол компаниуд нэгдэж нэгдэл, холбооны хүрээнд үйл ажиллагаа явуулж, томоохон бүтээн байгуулалтад хамтрах хэрэгтэйг сануулж байна. Ингэснээр Монгол Улсынхаа дэд бүтцэд хамтын хүчээр хувь нэмрээ оруулж, монголчууд үр шимийг нь хүртэнэ. Учир нь зам бол тухайн улс, эх оронд л үлддэг зүйл. Хэн нэгэн байшин барихад тухайн хүний л өмч болчихдог. Харин зам бол өөр, тухайн улс, ард иргэдийн өмч болж үлддэг. Тиймээс монгол компаниуд нэгдэж хамтын хүчээр дэд бүтцийн томоохон төслүүд дээр амжилттай оролцсоноор өөрсдийгөө хөгжүүлэхээс гадна улс эх орон, эдийн хөгжлийг эрчимжүүлэх боломжтой.

- Та бүхэн бүтээн байгуулж буй замынхаа чанарт ямар баталгаа өгөх вэ?
- Гэрээнд заасан стандартын дагуу замын бүтээн байгуулалтын ажлаа хийж байна. Өөрөөр хэлбэл бид стандартын дагуу чанартай зам барьж буйдаа бат итгэлтэй. Зам, гүүр хоолойг хийхэд ямар стандарт заасан яг тэр түвшинд нь нийцүүлж хийж буйдаа итгэл дүүрэн байгаа ба манай чадварлаг инженер техникийн ажилтнууд ч хийж буй ажилдаа итгэл төгс ажиллаж байна. Иймд ийм стратегийн онцгой ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын ажилд оролцсон, оролцож байгаа гайхамшигтай хамт олондоо талархаж байна. Та нараар бид бахархаж байгаа шүү гэж хэлмээр байна.

Энэхүү ярилцлагын төгсгөлд улс эх орны маш том төслийн нэг болсон Дарханы замын ажлыг гүйцэтгэхэд доор нэр заасан бидэнтэй хамтын ажиллагаа байгуулж бидэнд итгэж биднийг дэмжиж ажилсан итгэлт харилцагч нартаа гүнээ их талархаж байгааг илэрхийлж байна. Та бүгдийн буянтай үйлс мөнх үргэлж мандан бадрах болтугай.

 

- Баярлалаа. Та бүхний бүтээн байгуулалтын ажилд өндөр амжилт хүсье.

- Баярлалаа. “Макс” группийн 30 жилийн ойг тохиолдуулан нийт хамтрагч байгууллага болон компанийн үнэт зүйл, хөдөлгөгч хүч болсон ажилтнууддаа баярын мэнд дэвшүүлэхээс гадна нийт замчдадаа авто зам байгуулагдсаны 93 жилийн ойн мэндийг хүргэе. Илүү сайхан Монголын төлөө ирээдүйн хөгжлийн замыг цогцлоохын төлөө бид ажиллах болно.

 

Эх сурвалж: https://gogo.mn/r/0nemg