card

Стандарт & ХЭМАБ

Чанарын менежментийн тогтолцоо

Чанарын бодлого

ЗАХИАЛАГЧИЙН БОЛОН ТЕХНИКИЙН ШААРДЛАГЫГ БҮРЭН ХАНГАЖ, ХЭРЭГЛЭГЧИЙН ХҮЛЭЭЛТ БУЮУ ЖОЛООЧ, ЗОРЧИГЧДЫН АЯ ТУХ, АЮУЛГҮЙ БАЙДАЛД НИЙЦСЭН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ БАРИХАД ЧИГЛЭНЭ.

Бид энэхүү зорилгыг биелүүлэхэд дараах үүргийг хүлээх болно:

  • Захиалагчаас тавьсан техникийн болон норматив шаардлагыг ханган, тогтоосон хугацаанд авто замыг барьж, чанарын баталгааг хангах,
  • Захиалагчаас тавьсан шаардлагад тусгагдаагүй боловч, хэрэглэгчийн хүлээлтэд нийцсэн ажлыг шинээр санаачлан нэмж гүйцэтгэх,
  • Авто зам барилгын ажлын үйл явцуудыг баримтжуулан, төслийн үйлдвэрлэлийн ажлын дараа зохих журмын дагуу архивлаж хадгалах,
  • Чанарын бүртгэлийг тогтоосон шаардлагын түвшинд хөтөлж, төлөвлөгөөний биелэлтийг хэмжих,
  • Эрсдэлийг тооцоолж, боломжийг төлөвлөн, хэрэгжүүлэх замаар ажлын доголдол, үл тохирлыг эхний үе шатанд нь илрүүлж, арилгах, дахин гаргуулахгүй байх арга хэмжээг авч ажиллах,
  • Ажилчдыг ая тухтай, Хөдөлмөр – Эрүүл ахуйн шаардлагыг хангасан, ажиллаж амьдрах нөхцөлөөр хангах үүргийг хэрэгжүүлэн, мэргэжлийн болон дотоод чиглүүлэх сургалтаар хангаж байнга идэвхжүүлэх,
  • Ажлын гүйцэтгэлийн хугацаа, тоо хэмжээ, чанарт тавих явцын хяналтыг сайжруулан, мэдээлэл технологийн алсын зайны удирдлага, программ хангамжийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах,
  • Үйл ажиллагааны гүйцэтгэлийн мэдээлэл, өгөгдлийг цуглуулж, удирдлагын зүгээс дүн шинжилгээ хийснээр чанарын менежментийн тогтолцоог байнга сайжруулах,
  • Чанарын менежментийн тогтолцооны шаардлагыг хангахад хүн бүрийн үүрэг оролцоо чухал болохыг “замчид”-д танилцуулан ойлгуулах,
  • Олон улсын стандартад нийцсэн дэвшилтэд Технологи, Техник – тоног төхөөрөмж, машин механизмаар хүчин чадлаа шинэчлэн сайжруулж ажиллах,
  • Туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдэд чанарын менежментийн тогтолцооны шаардлагыг биелүүлэх талаар мэдээлэх, шаардах.

Итгэмжлэгдсэн лаборатори

Манай компанийн материалын баг хамт олон маань Монгол Улсын зөвлөх материалын инженерээр удирдуулан MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг хангасан анхны авто замын явуулын итгэмжлэгдсэн лаборатори болсон юм.

Авто замын барилгын ажлыг чанартай гүйцэтгэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл бол мэргэжлийн боловсон хүчин, материалын шинжилгээг үнэн зөв бодитой хийх арга, аргачлал, дэвшилтэт багаж тоног төхөөрөмж юм. Компанийн зүгээс материалын инженер, лаборант, туслах ажилтнуудынхаа мэдлэг боловсролд байнга анхаарал хандуулан сургалтад жил бүр хамруулдаг. Лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг жил бүр Стандарт, хэмжил зүйн газраар баталгаажуулан тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна.

Манай лабораторид хөрсний шинжилгээ, чулууны шинжилгээ, бетоны шинжилгээ, цементийн шинжилгээ, цементээр бэхжүүлсэн суурийн шинжилгээ, асфальтобетоны шинжилгээ, битумын шинжилгээ зэргийг хийж байна.

Манай лаборатори нь хамгийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд  жилд 150км авто замын дүүргэгч материалын шинжилгээ, 100км асфальт бетон хучилтын шинжилгээ хийх хүчин чадалтай бөгөөд олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологийн багаж, тоног төхөөрөмжөөр нэмж тоноглосноор баталгаат шинжилгээг хээрийн нөхцөлд түргэн шуурхай найдвартай хийх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Лабораторийн чанарын бодлого

ХЭРЭГЛЭГЧ ЗАХИАЛАГЧИЙН БОЛОН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААС ТАВЬСАН ТЕХНИКИЙН ШААРДЛАГЫГ ҮНДЭСЛЭН ИТГЭМЖЛЭЛИЙН ХҮРЭЭНИЙ ДАГУУ ХОЛБОГДОХ СТАНДАРТ, НОРМ ДҮРМИЙН ДАГУУ MNS ISO/IEC 17025:2018 СТАНДАРТЫГ МӨРДЛӨГ БОЛГОЖ, МАТЕРИАЛЫН СОРИЛТ, ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫГ ҮР ДҮНТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ОРШИНО.

2019 онд СХЗГ-ын давтан аудитад хамрагдаж итгэмжлэлийн гэрчилгээгээ MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага” шинэчлэгдсэн стандартын дагуу 4 жилийн хугацаатай сунгуулаад байна. 

MNS ISO/IEC 17025:2018 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр түүхий эд, материалын шинжилгээг түргэн шуурхай гүйцэтгэх, үнэн бодит байдлыг хангахаас гадна захиалагч болон хэрэглэгчийн хүлээлтэд нийцсэн үйлчилгээг үзүүлэхэд оршино.

Photo
Photo

Хяналтын систем

 

Манай компани 2012 оноос авто замын барилгын ажилд ашигладаг машин механизмуудад GPS зайнаас хянах систем болон түлшний хяналтын системийг хэрэглэж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 111 машин механизмд ашигласнаар ашиглалт сайжирч, түлш шатахууны зардал буурах ба ажлын бүтээл нэмэгдсэн. Мөн өөрөө буулгагчуудын рейсийг тоолж, бодит гүйцэтгэлийг гаргах боломжтой болсон.

GPS хяналтын систем нь тээврийн хэрэгсэлд суурилуулах GPS төхөөрөмж болон хяналтын программ хангамжийн тусламжтайгаар тээврийн хэрэгслийг зайнаас хянаж удирдах боломжийг олгоно.

Үүрэн холбооны сүлжээнд ажилладаг, интернэт холболт бүхий компьютер, таблет болон гар утаснаас тээврийн хэрэгслээ 24 цагийн турш зайнаас хянаж, удирдах боломжтой болно.

GPS хяналтын төхөөрөмж нь машинд суурилагдах ба машины төлөв байдлын мэдээллийг үүрэн холбооны сүлжээгээр хяналтын сервер рүү дамжуулна.

Түлшний хяналтын систем

Түлшний хяналтын систем нь тээврийн хэрэгслийн түлшийг зайнаас хянах боломжийг бүрдүүлж, өндөр нарийвчлал бүхий түлш хэмжигчийг машин, тоног төхөөрөмжийн түлшний саванд суурилуулж,  GPS хяналтын төхөөрөмжтэй хослуулан ашигласнаар машин хаана зорчиж байгаагаас үл хамааран зайнаас түлшний саван дахь түлшний түвшин, түлш цэнэглэлт, түлшний зарцуулалт, түлшний хулгайг бүрэн хянадаг.

Дээрх хяналтын системийн ашигласнаар дараах тайлан гарч, зардлаа хянах боломжтой.

Шаардлагатай үедээ машин тус бүрээр чухал хэрэгтэй тайлангуудыг бэлтгэн авах боломжтой. Үүнд:

  • Зорчсон маршрутын тайлан
  • Зорчсон зайн тойм тайлан
  • Зорчсон зайн дэлгэрэнгүй тайлан
  • Зогсолтын тайлан
  • Хөдөлгүүрийн асаалттай зогсолтын тайлан
  • Түлш зарцуулалтын тайлан

Дээрх хяналтын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр дараах үр ашиг гарсан.

  • Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөөгүй хэрэглээ зогсоно
  • Түлш шатахууны зардал буурна
  • Харилцагчдад үзүүлэх үйлчилгээ сайжирна
  • Жолоочийн ажлын гүйцэтгэл дээшилнэ
  • Тээврийн хэрэгслийн ашиглалт сайжирна
  • Сэлбэг хэрэгсэл, засварын зардал буурна
  • Ачаа тээшний аюулгүй байдал дээшилнэ
  • Байгаль орчинд ээлтэй

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

“Арж капитал” ХХК нь ажилчид болон захиалагч, хэрэглэгч нарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь урт удаан хугацааны ХЭМАБ-н үүрэг бөгөөд манай соёл байх болно. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, цаашид тогтвортой хэрэгжүүлэхийн тулд компанийн дотооддоо мөрдөх журам, түүнийг даган гарсан .. заавар, зааварчилгааг шинээр боловсруулан мөрдөж байгаа бөгөөд хүн бүр ажлаа аюулгүй гүйцэтгэх арга барилд байнгын суралцаж, орой бүр гэр бүлдээ эсэн мэнд харих нөхцөлийг бүрдүүлж байна.

Бид Монгол орны өнцөг булан бүрд төсөл хэрэгжүүлэх явцдаа ажилтнуудын ажлын орчинд анхаарч жил бүр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зорилго, түүнийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, гүйцэтгэлд байнгын хяналт тавин ажилладаг.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар баримтлах бидний зорилго:

Эрсдэл өндөртэй аюулын тоог бууруулж, хяналтдаа авна, өндөр эрсдэл бүхий ажил, ажлын байруудад байнгын шинжилгээ хийж хүн бүр хяналтдаа байлгана.

Ажлын байран дахь ослын тоог бууруулна, аюулыг мэдээлэх хуудсаар осолд дөхсөн тохиолдол болон аюул үүсэх нөхцөлүүдийг урьдчилан харж, тохирох залруулах болон сэргийлэх арга хэмжээг байнга авснаар осол гаргахгүй ажиллах нөхцөл бүрдэнэ.

Сургалтын цагийг нэмэгдүүлж, ХЭМАБ-н соёлтой хамт олон байх болно, сургалтуудыг шат дараалуулан байнга зохион байгуулж аюулыг харж чадах чадамжийг хүн бүрд эзэмшүүлнэ.

Байгаль орчин

Арж капитал” ХХК нь авто замын барилгын ажлыг гүйцэтгэх явцдаа байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхээс зайлсхийх, нөлөөллийг багасгах, бууруулан ажиллахыг ямагт тэргүүн зорилгоо болгон байгальд ээлтэй хамт олныг бүрдүүлэх зарчмыг баримтлан ажилладаг.

Байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, цаашид тогтвортой хэрэгжүүлэхийн тулд компанийн дотооддоо мөрдөх журмыг шинээр боловсруулан мөрдөж эхэлсэн бөгөөд хүн бүр үйл ажиллагаандаа журмуудыг хэрэгжүүлснээр байгальд ээлтэй байдлаар ажлаа гүйцэтгэх үндсэн шалгуур болон зарчмууд хэрэгжих боломжтой болно.

Бид Монгол Улсынхаа өнцөг булан бүрд авто замын бүтээн байгуулалтуудыг гүйцэтгэх явцдаа тухайн төслийн онцлогт уялдуулан мэргэжлийн байгууллагаар байгаль орчны менежментийн төлөвлөгөө, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан холбогдох төрийн захиргааны төв байгууллагаар батлуулан, гүйцэтгэлд байнгын хяналт тавин ажилладаг.

Байгаль орчны талаар баримтлах бидний зорилго:

Авто замын барилгын ажлыг гүйцэтгэх явцад түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож авто замын далан болон хучилтад ашигладаг. Байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй хөрс хуулалтыг зохих түвшинд хийж, шаардлагатай материалыг аваад, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийнэ.

Мөн машин механизмаас гарч байгаа хаягдал тос тосолгооны материал хөрсийг бохирдуулдаг тул асгаж гоожуулахгүй байх бүх боломжит арга хэрэгслүүдийг хэрэглэж хүн бүрийг энэ талаар мэдлэгтэй байлгана.

Өөрсдийн үйл ажиллагаанаас гарах ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын менежментийг төсөл бүрийн онцлогт тохируулан боловсруулж, чанд дагаж мөрдөнө.

Авто замын барилгын ажилд шаардлагатай усны хэрэгцээг тухайн орон нутгийн удирдлага, ард иргэд, малчидтай зөвшилцөж, гүний болон гадаргуун усыг зөв зохистой ашиглана.

Бидний байгаль орчны удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлэх үндсэн шалгуур нь Монгол Улсын хууль тогтоомж, стандартууд болон харилцагч байгууллагуудын хүсэл шаардлага, мөн эх дэлхийгээ хайрлан хойч үедээ унаган төрхөөр нь үлдээх монгол хүний эрхэм чанар дээр суурилдаг.