БАЯНХОНГОР-АЛТАЙ ЧИГЛЭЛИЙН 126,7 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫГ УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Захиалагч “Үндэсний хөгжлийн газар” болон Гүйцэтгэгч "Макс рөүд” ХХК-ийн хооронд “Баянхонгор - Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам”-ын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсны дагуу авто замыг 12 сарын 19-ний өдөр Ажлын хэсэг ажиллаж, байнгын ашиглалтад хүлээлгэн өглөө.
Уг зам нь III зэрэглэлийн замын шаардлагын дагуу 7 м өргөн зорчих хэсэг, 2 талдаа 2,0м өргөн хөвөөтэй, хөвөөний бэхэлгээтэй хэсэг 0,5м байна.
“Авто зам төсөллөх” БНбД 32-01-07-д заасны дагуу тал газар тооцоот хурд нь 80 км/цаг, уулархаг хэсэгт 60 км/цаг байна.
Зам барилгын ажлын явцад Гүйцэтгэгчийн лабораторид материалын туршилт шинжилгээний ажлууд хийгдсэн бөгөөд зарим онцлог шинжилгээнүүдийг ЗТХТ-ийн итгэмжлэгдсэн лаборатид хийлгэж, баталгаажуулсан. Зөвлөхийн инженерүүд зам барилгын бүх ажилд өдөр тутмын технологийн хяналт тавьж, талбайн хэмжилт, туршилт хийж, баталгаажуулж ажилласан. Төслийн хяналтаар Монгол улсын Зөвлөх инженер Н. Ёндонгоор ахлуулсан “Аварга зам” ХХК-ийн хяналтын баг зам барилгын ажилд өдөр тутмын технологийн хяналт тавьж ажилласан.
Авто замын төсөлд инженер техникийн ажилтан 64, жолооч операторууд 355, замчин, засварчин, туслах ажилчин 200, бусад ажилчин 50-70, нийтдээ 689 хүн хүчний бүрэлдхүүнтэйгээр ажиллаж төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгалаа.
Уг зам ашиглалтад орсноор Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдож эдгээр аймгийн ард иргэд төдийгүй дотоодын болон гадаадын аялагчид, жуулчид тав тухтай, түргэн шуурхай, хямд зардлаар зорчих, байгаль орчны бохирдлыг бууруулах, тээвэр ашиглалтын зардлыг хэмнэх боломжийг нээн өгч, орон нутаг, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх бүтээн байгуулалтын ажил болсноороо онцлогтой юм.